/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / Үр дүнтэй ажиллах зарчим: Цагаа зөв хуваарилах

Үр дүнтэй ажиллах зарчим: Цагаа зөв хуваарилах

Амжилтад хүрэх, аз жаргалтай амьдрах болон өөртөө сэтгэл хангалуун байж сурахад хамгийн их нөлөөлдөг зүйлсийн нэг бол үр бүтээлтэй ажиллах чадвар. Өдрийн талаас илүү хувийг өөрийн мэдэлгүй дэмий үрж үнэтэй цаг хугацаагаа алдсаар л байвал урагшлах хэцүү нь мэдээжийн хэрэг. Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ үр дүнтэй ажиллахын тулд нэн түрүүнд ямар ямар зүйлсийг анхаарах ёстой талаар хүргэж байна. 

АЛДААГАА ОЛОХ НЬ

Цаг төлөвлөж эхлэхээс өмнө, тэр ч байтугай юмсыг зөв аргаар хийх гэж оролдож эхлэхээсээ ч өмнө алдаагаа олж харах нь хамгийн чухал. Хэрэв та төлөвлөлтийн системийг огт ашигладаггүй бол өнөөдөр эсвэл маргаашийнхаа цагуудыг хэрхэн өнгөрүүлж буйгаа нэг тооцоод үзээрэй. Ингэхдээ ямар төрлийн зүйлсэд яг хэдэн цагийг зарцуулж буйгаа шударгаар тооцох нь чухал.

Та өдөрт хэдэн цагийг сошиал медиад өнгөрүүлж байна? Өнгөрүүлэхдээ хэрэгтэй зүйлс хийж байна уу, дэмий үрж байна уу? Өдөрт хэдэн цагийг унтаж өнгөрүүлж байна? Авч буй амралт тань тохирч байна уу, хэтэрч байна уу? гэх зэргээр нарийвчлан тооцоорой. Ингэснээр та "ideal" буюу өөрийн хүсч буй цагийн хуваарьтайгаа хэр ойр байгаагаа бодитоор дүгнэх боломжтой. 

Харин та аль хэдийнээ цаг төлөвлөлтийн ямар нэгэн аргыг ашиглаад эхэлсэн бол түүнийгээ хэдэн хувьтай биелүүлж байгаагаа дүгнээд үзээрэй. Өдөрт хийхээр төлөвлөж буй ажлуудаа хийж амжиж байна уу, үгүй юу? Амжихгүй байгаа бол асуудал нь хаана байна вэ? гэх мэтчилэн өөрийн дутагдлуудаа олохыг хичээгээрэй. Ингэснээр та одоо ашиглаж буй системээ сайжруулах, эсвэл бүр үр дүнтэй, шинэ арга турших хэрэгтэй эсэхээ мэдэж авах боломжтой. 

ӨӨРТ ТОХИРСОН АРГЫГ ОЛОХ

Юун дээр алдаж байгаагаа мэдчихсэн бол дараагийн алхам мэдээж үр дүнтэйгээр төлөвлөх. Энэ бол цагаа үр дүнтэй өнгөрөөх суурь алхам. Ийнхүү цагаа төлөвлөж эхэлснээр та дэмий зүйлд цагаа үрэхгүй, заавал хийх зүйлсээ марталгүй хийж "цэгцтэй" амьдрах боломжтой. Та "төлөвлөгөө гаргахад аргасаад байх юу байх вэ дээ" гэж бодож байж магадгүй. Гэвч өдрөө төлөвлөж, төлөвлөгөө гаргах маш олон арга байдаг юм шүү. Зарим хүмүүс сар бүр тодорхой цаг гаргаж байгаад гоёмсог байдлаар Бужо буюу "Bullet Journal" хөтлөх дуртай байдаг бол зарим нь зүгээр л өдөрт хийх зүйлсээ НӨАТ-ын баримтынхаа ард биччихээд, хийж дуусгасныхаа дараа хаячихдаг байх жишээтэй. 

Мөн танд бусдын хөтөлдөг өнгө өнгийн будаг, зураг, гоёл чимэглэлээр дүүрэн Бужо арга таалагдаж байж болох ч энэ нь таны хувьд цаг төлөвлөх хамгийн үр дүнтэй арга байна гэсэн үг биш. Тиймээс юун түрүүнд олон төрлийн аргыг туршин үзээд, тухайн аргууд дундаасаа өөрийн амьдрах хэв маяг, зан араншин, зав зайдаа тохирсон системийг сонгох нь чухал. 

Бас нэгэн зүйлийг сануулахад ихэнх хүмүүст заавал цаасан дээр гэлтгүйгээр онлайн болон электроник төлөвлөх аргууд гайхалтай гэгч нь тохирдог. Ухаалаг арга хайж буй хүмүүст санал болгоход Google Calendar аль эсвэл "To-do" аппликейшнүүд илүү ажиллагаа багатай, олон төрлийн үйлдлүүдтэй байдаг. Харин аливаа зүйлсийг зурж, бичиж, яг л өөрийн хүсч буй загвараар хийж гүйцэлдүүлэх дуртай төрлийн хүмүүст тэмдэглэлийн дэвтэр дээр бичих нь тохиромжтой аж. 

/Интернэтэд маш олон төрлийн цаг төлөвлөлтийн аппликейшнуудын танилцуулгууд байх тул Google-ээс "Planner Apps" гэж бичээд хайхад л өөрт тохирсон өнгө, загвар үйлдлүүдийг багтаасан аппликейшнээ олох боломжтой./

"Алдаагаа олох" болон "Өөрт тохирсон аргыг" олох нь танд маш энгийн, угаасаа л мэддэг байсан зүйл мэт санагдах авч өнөөдрийг хүртэл таны төлөвлөж буй арга тань үр дүнгүй, аль эсвэл төлөвлөгөө гаргалгүйгээр өдрийг хий дэмий өнгөрөөж буй бол энэхүү хоёр ойлголтыг дахин нэг бодох хэрэгтэй гэсэн үг юм. Ингээд дараагийн дугаараар цаг төлөвлөхдөө анхаарах зүйлс буюу ихэнх хүмүүсийн гаргадаг алдаануудыг танилцуулах болно. 

Статистик мэдээ
  • 2018 онд
    албан бичиг 123
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2019 онд
    албан бичиг 156
  • 2019 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна