/ Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / Ямар тохиолдолд СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛДАГ вэ?

Ямар тохиолдолд СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛДАГ вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийг хойшлуулж, улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах тухай уриалга гаргасан. 

Сонгуулийн товыг 60-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана

Энэ удаагийн УИХ-ын  сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдөр явуулахаар товлон зарласан. Сонгуулийн тухай хуулийн 8.2-т зааснаар сонгуулийн товыг  УИХ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана гэжээ.

ЯМАР ҮЕД ХОЙШЛУУЛАХ ВЭ

Сонгуулийн тухай хуулийн 8.5-д зааснаар онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна гэжээ. 

Тодруулбал, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол сонгуулийг хойшлуулна хэмээн заажээ. 

ҮНДСЭН ХУУЛИЙН 25 ДУГААР ЗҮЙЛ.

2. Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:
1/улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;
2/Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.
3. Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.

ОНЦГОЙ НӨХЦӨЛ АРИЛСНЫ ДАРАА ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ТОВЛОН ЗАРЛАНА

Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсоосон бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл арилсны дараа ээлжит сонгууль товлон зарлахтай холбогдсон харилцааг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу зохицуулна гэжээ.

Улсын Их Хурлын тухай хуульд онцгой нөхцөл арилсны дараа Улсын Их Хурал ажлын долоо хоногт багтаан ээлжит сонгуулийг товлон зарлана гэжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн өдрийг Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцож, Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна хэмээн заасан байна.

Статистик мэдээ
  • 2018 онд
    албан бичиг 123
  • 2018 онд
    Өргөдөл гомдол 86
  • 2019 онд
    албан бичиг 156
  • 2019 онд
    Өргөдөл гомдол 12
Эрэн сурвалжилж байна